Испаниар А ч байхгүй болохоор ном зохиол уншиж байсангүй, өнгөрсөн жилээс харин Netflix-ээр Испани кино нилээн хэдийг үзлээ, монгол хэл дээр орчуулагдсан ганц хоёр ном уншлаа. Урлаг, уран зохиол өндөр хөгжсөн улс гэж дүгнэлээ (угийн л өндөр хөгжилтэй л дээээ, сая л мэдсэн болохоос).
Салхины сүүдэр – саяхан Монгол хэлнээ орчуулагдсан триллер зохиол. Дэлхий даяар хэдэн арван сая хувь хэвлэгдсэн зохиол юм билээ. Залуу хүүгийн төрсөн өдрөөр аав нь мартагдсан номын бунхан руу дагуулж орно. Тэндээс хүү Салхины сүүдэр хэмээх нэгэн ном элдэв бодолгүй сонгон авсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх юм гэж хэн мэдлээ.Цаасан номыг дуртай газраа авч явж болохгүй болохоор дуусгах гэж нилээд удлаа. Угаасаа ч тийм богинохон ном ч биш л дээ. Ер нь тэгээд лаг зохиолчид санаанд нь багтаж ядсан, хэлэх гэсэн санаагаа бүрэн бүтэн өгүүлэхийн тулд, бас арвин баялаг үгсийн сангаараа наадахын тулд урт бичдэг бололтой. Энэ ном, бас энэ жил уншсан Ж.Роулинсийн “Troubled blood” бүгд минийхээр урт боловч сонирхолтой гэсэн ангилалд хамрагдана.