Saturday, April 15, 2017

2017 онд уншсан номуудаас

Энэ жил би 25 ном уншихаар төлөвлөсөн, Goodreads-д уншина гэж хадгалсан номуудаасаа 2017 онд уншина гэж сонгосон номуудаа дундаж үнэлгээ хамгийн өндөртэйгээс нь эхлэн уншиж байгаа. Үүний хүчинд эхний 3 сард уншсан номуудын ихэнхэд нь сэтгэл хангалуун байна. Мэдээж дундуур нь санамсаргүй орж ирсэн номууд, ялангуяа монгол номууд бий.
Хорлоогийн Чойбалсан
Зохиолч, нийтлэлч Баабарын бичиж Непкогоос эрхлэн гаргасан ном.
Нэгэнт өнгөрсөн түүхийг 100% магадлах аргагүй, түүний нэгэн адил энэ ном ч бас 100% үнэн зөв байх албагүй. Бидний 10 жилийн түүхийн хичээлээр үзэж байсан зүйлс үнэхээр дутуу дулимаг байсан нь харамсалтай. Гэхдээ энэ ном Чойбалсангийн талаарх миний бодлыг өөрчилж, ер нь өнгөрсөн зууны эхэн хагасын Монголын түүхийн талаар хамгийн их мэдээлэл өгч чадлаа.
Би түүхийн холбогдолтой, эсвэл түүхэн хүмүүсийн намтрыг тухайн үе, үйл явдалтай холбон бичсэн намтар болон уран зохиол унших дуртай. Непкогоос гаргаж байгаа Монголын түүхэн хүмүүсийн намтрыг бүгдийг нь авч уншина гэж бодож байгаа.
⭑⭑⭑⭑⭑

Friday, April 7, 2017

Судасны чимээ - book review

Бөөгийн домгийг уншсаны дараагаар уг зохиолчид тавих шаардлага өндөрссөн ч юм уу, энэ ном сэтгэлд хүрсэнгүй. Роман гэхээргүй хэдэн тусдаа өгүүллэг ч гэмээр юм уу, эсвэл би мулгуудаа зохиолчийн хэлэх гэсэн санааг ойлгоогүй, яг л дутуу алсан могой шиг болоод дууссан. Сэдвийн тухайд миний сонирхдог уламжлалт анагаах ухааны тухай байсан ч уран зохиол гэхээсээ илүү нэг судалгааны материалыг жоохон баяжуулаад биччихсэн ч юм шиг.