Saturday, April 15, 2017

2017 онд уншсан номуудаас

Энэ жил би 25 ном уншихаар төлөвлөсөн, Goodreads-д уншина гэж хадгалсан номуудаасаа 2017 онд уншина гэж сонгосон номуудаа дундаж үнэлгээ хамгийн өндөртэйгээс нь эхлэн уншиж байгаа. Үүний хүчинд эхний 3 сард уншсан номуудын ихэнхэд нь сэтгэл хангалуун байна. Мэдээж дундуур нь санамсаргүй орж ирсэн номууд, ялангуяа монгол номууд бий.
Хорлоогийн Чойбалсан
Зохиолч, нийтлэлч Баабарын бичиж Непкогоос эрхлэн гаргасан ном.
Нэгэнт өнгөрсөн түүхийг 100% магадлах аргагүй, түүний нэгэн адил энэ ном ч бас 100% үнэн зөв байх албагүй. Бидний 10 жилийн түүхийн хичээлээр үзэж байсан зүйлс үнэхээр дутуу дулимаг байсан нь харамсалтай. Гэхдээ энэ ном Чойбалсангийн талаарх миний бодлыг өөрчилж, ер нь өнгөрсөн зууны эхэн хагасын Монголын түүхийн талаар хамгийн их мэдээлэл өгч чадлаа.
Би түүхийн холбогдолтой, эсвэл түүхэн хүмүүсийн намтрыг тухайн үе, үйл явдалтай холбон бичсэн намтар болон уран зохиол унших дуртай. Непкогоос гаргаж байгаа Монголын түүхэн хүмүүсийн намтрыг бүгдийг нь авч уншина гэж бодож байгаа.
⭑⭑⭑⭑⭑

The Kite Runner by Khaled Hosseini
Цаасан шувуу наадуулагч хэмээн Болдбаатар орчуулагчийн  монгол хэлнээ хөрвүүлснээр гарсан юм байна. 70-80-аад онд Афганистаны Кабул хотын чинээлэг худалдаачны хүү Амир болоод тэдний хазара үйлчлэгчийн хүү Хассан хоёрын тухай сэтгэл шимшрэм түүхийг энд өгүүлжээ. 2003 онд гарсан даруйдаа шилдэг номын жагсаалтанд 2 жил гаруй байж, 2007 онд кино нь хийгджээ. Монгол гаралтай хазара хүүгийн тухай гардаг болоод ч тэр үү их зүрхэнд ойрхон тусаж, хямран байж уншиж дуусгалаа.
⭑⭑⭑⭑⭑


Цыши хатан by Chang Jung
Непко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хятадын Чин гүрний сүүлчийн хатан хаан Цышигийн намтар түүхийг монгол хэлээр уншлаа. Сонирхолтой түүхтэй, шинийг эрэлхийлж, улс орноо шинэчлэх гэсэн, ухаалаг сүрхий хатан байжээ. Залгамж хойчоо сайн бэлдээгүй нь харамсалтай, гэхдээ энэ ч тухайн үеийн хаад ноёдын дунд түгээмэл асуудал байсан бололтой. Цышигийн Хятад орныг одоогийн Хятад орон залган авсан гэхээр манай Монгол улсын хувь заяа ч бас энд холбогдох ч Монгол орны тухай онцгойлон ихээр дурдсан харагдсангүй. Юутай ч түүхийн мэдлэгт минь дуслаар барахгүй нэмлээ. Зохиолч бас их уран тодоор дүрслэн бичсэн нь зүгээр нэг баримтын цуглуулга биш, уран зохиолын ном уншиж байгаа аятай, сонирхолтой ном байлаа.
⭑⭑⭑⭑⭒
A man called Ove by Fredrik Backman
Энэ Швед зохиолчийн номыг англи орчуулгаар уншлаа. Гаднаасаа хачин муухай ааштай, зөрүүд, нарийн гэж найгүй Ове гээд өвгөн ганцаараа аж төрнө. Тэрээр өглөө бүр эртлэн босож хотхоноо тойрон,энд тэнд эвдэрсэн барьсан юм байна уу шалгаж, эсвэл хөршүүдээс хэн нэгэн хотхоны дүрмийг зөрчих нь үү гээд бараг л Гестапоос дутахгүй  ажиглана. Гэтэл нэгэн өдөр хоёр жаахан охинтой залуухан гэр бүл тэдний хөрш болон нүүж ирлээ. Энэ зохиолоор кино хийгдэж, тэр нь бүр Оскарт гадаад киноны төрөлд нэр дэвшсэн гээд бодохоор ямархуу сэтгэл хөдөлгөм түүх байх нь ойлгомжтой.
⭑⭑⭑⭑⭑
Номын зарим нэг хөгжилтэй, эсвэл онцлох мөртүүдээс
- Овэ өрөөсөн шаахайгаа муур руу шиддэг юм уу гэтэл муур өөдөөс нь буцаагаад шидэх шаахайтай ч болоосой гэсэн шиг харна.
- Овэ бол аливаа зүйлийн бүрэн бүтэн байгаа эсэхийг чангахан өшиглөж шалгаж үздэг хүн байлаа.
- Овэгийн эхнэр "Овэгийн гашуудлын мэдээн дээр "Ядаж л тэр бензиндээ их хэмнэлттэй хүн байсан юм" гэж бичихгүй юу" хэмээн хошигнодог байв.
- Эхнэрийнх нь хэлснээр бол Овэгийн энэ ертөнц дээр хамгийн дургүй гурван үг бол "Баттерей үнэнд ороогүй".
- Овэ махлаг хүмүүст дургүйдээ ч тэр биш. Хүмүүс ямар ч хэлбэр хэмжээтэй баөйж болно. Харин түүний ганц ойлгодоггүй юм нь тэд яаж ингэтлээ таргалдаг байна аа? Нэг хүн хэр их хоол идэж чадах вэ дээ? Яаж идэхээрээ хүн хоёр дахин хэмжээтэй болтлоо иддэг байна аа? Ингэхийн тулд нилээд л хичээх хэрэгтэй байх аа даа хэмээн боддог байв.
- Тэрээр үргэлж л эхнэрээ хоцорлоо хэмээн үглэдэг байтал одоо ингээд өөрөө хойно нь хоцорчихсон, яаж гүйцэж очихоо ч мэдэхгүй байж байдаг....

No comments: