Friday, January 15, 2021

2020 оны уншлага


2020 онд 30 ном уншжээ. Ихэвчлэн уран зохиолын ном уншсанаа одоо л мэдлээ. Уг нь төрөл жанр хольж уншихыг хичээдэг ч ингэж төлөвлөгөөгүй олон уран зохиолын уншсан нь 2 үндсэн шалтгаантай.

1.       Ковид - юм л бол захын хар овоохой гэдэг шиг бүх зүйлд Ковид буруутай.

2.       Зун амраад хөдөө гадаа явахдаа сүүлийн үеийн хит болсон уран зохиолын ном хэдийг бэлддэг заншилтай. Өнгөрсөн зун Нью Йорк таймсын хитэд орсон байсан Жон Сандфордын Gathering Prey гээд детектив зохиол уншаад жигтэйхэн таалагдаад байсан чинь 25 цуврал номын сүүлчийнх байдаг байгаа. Ингээд л элдэв номын төлөвлөгөөгөө хаяад л 1-ээс эхлээд уншиж эхэлсэн,  :)

Энэ жил уншсан гоё ном гэвэл Dune цуврал байна, Goodreads-ийн монгол уншигчдын 11 сард хамтдаа уншихаар сонгосон зохиол гайхалтай байлаа. Кино нь удахгүй гарна, уран зөгнөлт ном, киноны хорхойтнууд алдалгүй унших буйзаа. Номын бичлэг, шинжлэх ухаанч ч юм шиг, философилог ч юм шиг хандлага нь цаанаа л нэг Азимовыг, Хөмрөгийг санагдуулаад байсан.

 Мехсик готик - тун дажгүй, аймшгийн триллер. Кино нь хийгдэнэ гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Бас дээрээс нь 1950-аад оны Мексикийн амьдрал гардаг нь тэр улсын түүх, аж амьдралыг хальт ч гэсэн мэдэх боломж олгосон. Би ч зохиолоо дотроо төсөөлөөд л айдас хүйдэст автаад л жаргаад л уншсан.

 Тревор Ноагийн Born a Crime-ыг хөдөө явахдаа аудиогоор сонссон. Өвөрмөц акценттай англи хэлээр өөрийн төрж өссөн түүх, Өмнөд Африкийн Апартхэйд дэглэмийн талаар хөгжилтэй өгүүлсэн нь аяллын туршид биднийг уйдаагаагүй.

 Энэ жил Мир номын дэлгүүрийн хаврын хямдралаар Тагтаа-гийн хэдэн номнууд  авсан. Амьдрахуй, Цусаа худалдсан тэмдэглэл хоёр ерөнхийдөө төсөөтэй, Хятадын Соёлын Их хувьсгал, Маогийн дэглэмийн үед хөдөө нутгийн айлын сэтгэл шимшрэм түүх. Надад Амьдрахуй-гийн төгсгөл үнэхээр амттай сайхан санагдсан. За орчуулга бол зүгээр л гайхалтай.

 Уншиж эхлээд дуусаагүй, явдаггүй мэр сэр номнууд байна

·         Бар ээж - би бүр айгаад уншиж чадахгүй байгаа. Би ч хулгана ээж юм шиг байна. Манай 2 том угаасаа надад уншаад хэрэггүй гэж зөвлөсөн.

·         Why we sleep - уул нь надад ганц хэрэгтэй ном шиг байгаан, даанч аудиогоор эхлүүлсэн чинь албаар аяархан, удаан уншаад унтуулчих гээд явдаггүй.

·         Enemies: A history of the FBI - соиирхолтой эхэлсэн ч дэндүү нуршуу байсан.

 Энэ жил блогоо идэвхтэй хөтөлнөө.

 Нээрээ 2021-д унших зарим нэг номын минь талаар эндээс уншаарай.

No comments: