Wednesday, March 30, 2011

Movie review #5

Troubleshooter - адал явдал, гэмт хэрэг
Урьд нь цагдаагаар ажиллаж байсан залуу хувийн мөрдөгч хийж, үйлчлүүлэгчийнхээ даалгавраар бусдыг тагнан, ямар нэгэн нууц зүйл хийж байхад нь зураг авч, бичлэг хийдэг байв. Гэтэл хэн нэгэн түүнийг хэрцгий аллагын газар руу явуулж хамаг хэргийг түүн дээр тохно. Хэдэн жилийн өмнө эхнэрийг нь алсан галзуу этгээд сэтгэл мэдрэлийн эмнэлгээс гарсан нь ч мөн санаандгүй хэрэг биш байлаа. Энэ киног адал явдал, триллер кинонд дуртай бүгдэд санал болгох байна.
4.5 stars

True Grit - адал явдал, вестерн
1968 онд гарсан зохиолд үндэслэн бүтээсэн уг кинонд аавынхаа алуурчныг олж гэсгээхээр хатуу шийдсэн 14 настай охины аяллыг өгүүлсэн. Насандаа ахадсан шургуу, шийдэмгий зантай охины дүрд тоглосон Hailee энэ дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ. Миний хувьд номыг нь урьдчилаад уншчихсан байсан тул ерөнхийдөө киног соргог нүдээр биш, номноосоо юугаараа өөр байна гэж харж байлаа. Вестерн маягийн энэ кинонд гарах үг хэллэг их содон байснаас гадна төгсгөл нь бодитой, нээрээ л ингэж дуусах байсан байх даа гэсэн бодол төрж байлаа.
4 stars
Due Date - инээдмийн
5хан хоногийн дараа төрөх эхнэртээ очихоор яарч явсан Петер (Ironman) онгоцны буудал дээр нэгэн хачирхалтай эртэй (Шарталт киноны сахалтай эр) таарч, улмаар ам мурийснаас болж онгоцоор нисэх эрхээ хасуулна. Үүний хажуугаар ачаа тээш, түрийвч сэлт нь хэдийн онгоцонд ачигдаад Лос Анжелесын зүг нисчихсэн байв. Ингээд мөнгө, бичиг баримт ч үгүй хоцорсон түүнд өнөөх гайтай эртэйгээ хамтдаа машинаар ЛА руу явахаас өөр арга байсангүй. Эсрэг тэсрэгийн хоёр туйл нэг машинд олон хоног аялахад тохиолдсон хөгтэй явдлуудыг тоочоод барахгүй байх.
3.5 stars
Love and the other drugs - хайр дурлал, драма
Виагра борлуулагч Жеми Рейдигийн амьдралаасаа сэдэвлэн бичсэн номоор хийсэн энэ кинонд Жек Жилленхал, Энн Хэтэвэй нар тоглосон. Эм борлуулагч залуу өөрийн худалдан авагч - эмчийн өвчтөн, царайлаг бүсгүйтэй танилцаж дорхноо "дотно" харьцаа тогтоосон ч бүсгүй харьцаагаа лавшруулахыг хүсэхгүй байлаа. 
2.5 stars
Iris the movie - адал явдал, хайр дурлал, тагнуул
2010 онд гарсан, Солонгосын түүхэнд хамгийн үнэтэй бүтээгдсэн адал явдалт сериалын товчлол. Сэдвийн хувьд мэдээж хэрэг, Хойд Өмнөд хоёр Солонгосын зөрчил, тагнуулын болоод алан хядах ажиллагаа, бас дурлалын гурвалжин. Хориод цагийн киног 2 цагт багтаасан болоод ч тэр үү, үйл явдал нь хугацаандаа багтаж ядан, хоорондоо учир холбогдол муутай гэнэт гэнэт солигдоод л дууссан.
2.5 stars
Blue Valentine - драма, хайр дурлал
Нүүлгэлтийн компанид ажилладаг Дин ажлаа хийж яваад нэгэн бүсгүйтэй танилцаж удалгүй дотноссон нь Синди байлаа. Тэд гэрлэхээр шийдээд байтал Синди өмнөх найз залуугаасаа жирэмсэн байснаа мэднэ. Инди киноны хаан хатан хоёр гээд нэрлэчихэд буруудахгүй Мишел Виллиамс, Райн Гослин нар тоглосон. 
2.5 stars

No comments: