Thursday, January 12, 2017

2016 онд уншсан номуудаас

Ерөнхийдөө хамгийн их таалагдсанаасаа таалаагүй рүүгээ дараалуулсан. Гэхдээ 2016 онд уншсан хамгийн гоё ном бол Goldfinch by Donna Tartt байсан.
Anthem by Ayn Rand - Орос гаралтай Америк зохиолч Ayn Rand-ийг эмэгтэй хүн гэж бодоогүй, аль тэр 1900-ээд оны эхээр, ид улаан хувьсгал мандаж, дэлхийг нөмөрч байх үед яаж ингэж дэвшилттэй сэтгэж, бичээ вэ хэмээн бахархмаар санагдсан. Би нэтээр яваад байдаг монгол орчуулгыг уншсан, сайхан орчуулгатай байсан.

Catherine the Great: The Portait of the Woman by Robert K. Massie- жирийн нэгэн герман охин Оросын хатан хаан болсон, болох болохдоо алдар цуугаа мандуулсан Орос орныг нийгэм, соёлын хөгжлийн шинэ шатанд авчирсан сонирхолтой түүх. Энэ намтрыг Оросын түүх, алдартай хаад ноёдын түүхээр дагнан бичдэг Пулитцерын шагнал бүхий зохиолч Роберт Масси бичжээ.

The top five regrets of the dying - Эмчилгээгүй болсон, 2-3 сараас хэтрэхгүй настай болсон хүмүүс юунд харамсдаг вэ? Хүний амьдралд ер нь юу чухал юм бэ? Энэ номыг би найзтайгаа нийлж орчуулан гаргасан байгаа. Авах хүн байвал надтай холбогдоорой.


Mango season by Amulya Malladi  - Уул нь улс орнуудын ёс заншил, мэдлэгээ нэмэх үүднээс орон орны тухай ном унших санаатай. Яагаад ч юм Энэтхэгийн тухай ном арай их уншаад байх юм. Энэ ёстой хөөрхөн, хошин ном. Дунд сургуулиа төгсөөд Америкт боловсрол эзэмшихээр очоод, тэндээ ажиллаж, найз залуутай болж суурьшсан Энэтхэг охин яг Мангоны улирлаар амралтаараа гэртээ ирж байгаа тухай. Ээж нь гэж яг энэтхэг кинон дээр гардаг сонгодог, үглээ, яршигтай, үнэхээр инээдтэй авгай. Яаж ийгээд охиноо Энэтхэг хүнтэй гэрлүүлчих санаатай. Тийм ч урт биш, бас мангонд дуртай бол манго бүхий хоол ундны жортой, ёстой хөөрхөн ном.
Зарим нэг инээдтэй мөрүүд
- Гэртээ амралтаараа ирж байгаа бол санхүүгийнхээ чадвараас үл хамааран ихээхэн хэмжээний бэлэг сэлттэй ирэх нь ёс. ( Монгол шиг)
- 23 настай, үзэсгэлэнтэй, бакалаврын зэрэгтэй Телүгэ бүсгүй АНУ-д царайлаг, санхүүгийн боломжтой Телүгэ залууг хайж байна. Биеийн өндөр 164 см, цайвар царайтай, гэр орны ажилд сайн. Сонирхож байвал мэдээллээ зургийн хамтаар явуулна уу. (Энэтхэгүүд хаана ч байсан хоорондоо суух нь олонтаа. Их Сургуулийн орчимд тавьсан байдаг л нэг зар мэдээнээс)
- Гэхдээ аз жаргал гэдэг харьцангуй ойлголт, хааяа утгаа алдах нь ч бий.
- Тэгвэл энэ эрсдэлийг би үүрэх ёстой болох нь.
- Зогьсуулаад байвал өндөр шилэн аягатай уснаас гурав балгана. Балгалт бүрийнхээ дараа шилэн аягаа өргөж ёроолыг нь харна. Их үр дүнтэй арга юм гэнэ.
- Би Энэтхэг орныг хэтэрхий явцуу бодолтойд нь, сохор сүсэг бишрэлтэйд нь, эмэгтэйчүүдийг яаж авч үздэгт нь гээд олон шалтгаанаар үзэн ядаж байсан ч эцсийн бүлэгтээ Энэтхэг бол төрөлх эх орон минь билээ.

No comments: