Thursday, February 2, 2017

2016 онд уншсан номуудаас ... 2


Valley of the Dolls - энэ ном хэдий 60-аад онд бичигдсэн ч үйл явдал, дүрүүд нь одоогийн Холливууд, оддын ертөнцөөс огтхон ч зөрөхгүй. Алдар нэр, хайр дурлал, эм мансууруулах бодисын хэрэглээ гээд алдартай жүжигчид, одуудыг тойрсон худал үнэн цуу яриа, шуугиан гээд бүгд энд бий. Найз 3 бүсгүйн түүх маягаар бичигдсэн энэ зохиолыг тухайн үеийн алдартай жүжигчид болох Жүди Гарланд нарын амьдралаас сэдэвлэн бичсэн ч гэдэг. Юутай ч энэ ном хамгийн олон хувь борлогдсон (31 сая хувь) номуудын нэг, кино нь ч хийгдсэн, remake нь хийгдэх яриа ч байгаа юм байна.  

The Career of the evil - Триллер, гэмт хэргийн жанраар энэ ном шилдэг борлуулалттай номын жагсаалтанд яваад байхаар нь бариад автал Харри Поттерын зохиолч Ж.К.Ровлингийн нууц нэрээр гаргасан мөрдөгч Корморан Страйкийн тухай гурван цувралын дундах Silkworm байж таарсан, их сонирхолтой зохиол байсан шүү. Харин энэ Career of the evil болоод цувралын эхнийх Cuckoo's Calling хоёулаа Silkworkm-ийг гүйцэхгүй санагдсан.
Гол дүрүүд нь хөл муутай, цэргийн цагдаагийн албанаас гараад хувиараа мөрдөгч хийх болсон дэслэгч Корморан болоод гунигтай өнгөрсөн үе бүхий ухаалаг сэргэлэн, улаан үстэй, үзэсгэлэнт бүсгүй Робин. Уншигчид бүр түүнийг төсөөлөөд зурсан байгааг бодоход хүмүүсийн сэтгэлд тод буусан, их сайн бүтээсэн дүр юм шиг.
Сонирхуулахад эдгээр зохиолоор телевизийн цуврал хэдийн хийгдээд эхэлжээ. Гол дүр нь нээрээ л хүмүүсийн төсөөлсөнтэй адилхан байна.
The Sympathizer by Viet Thanh Nguyen. Вьетнам гаралтай америк зохиолчийн Вьетнамын дайны үеийн хүнд хэцүү цаг үеийг нэгэн улс төрийн хоригдлын дурсамж, бодол маягаар бичигдсэн энэ зохиол 2016 оны Пулитцерийн шагнал авсан. Дайны үед хүн эх орон, тусгаар тогтнол гэсэн том зорилгынхоо төлөө юугаа ч хайрлахгүй, юу ч хийхээс буцдаггүй ч эцэс төгсгөлдөө тэр хайрлаагүй, хийхээс сийгээгүй зүйлс нь эргээд өнөөх том зорилгоос нь хавьгүй үнэ цэнэтэй байсан гэдэг санааг хэлсэн нь энэ номыг шилдэгт тооцуулсан байх.
Сэтгэлд хүрсэн, эсвэл сонирхолтой зарим нэг мөрүүд
- Манай вьетнамчууд Диваажинд очсон ч Там шиг дулаахан биш байна гэж өөчилж чадах л улсууд.
- ...сургуулийн атаман, шатрын клубын мангуу, төрөлхийн нягтлан бодох (тийм зан бас байдаг юм байна :D), дуу нь ч гардаггүй гөлгөр гэхчлэн ах дүүс нь аль хэдийн гадуурхах болсон бүтэлгүй, хэр тааруухан хэд нь Индочайна руу ачигдаж, Францын колоний албыг дүүргэх болсон билээ.
- Дайсныхаа дунд байгаа шилдгийг шагшин магтах нь нөхдийнхөө дундах өөдгүй нэгнээ өөчлөхөөс хол дээр.
- ... дараалалд эв зүйтэй зогсоно гэдэг манай нутгийнханд харийн зүйл байлаа.
- Эрэлт их, нийлүүлэлт бага байхад бид бие биенээ тохойлдон дайрч, шахцалдаж, түлхэлцэх агаад тэр нь бүтэлгүйтвэл хахуульдах, долигонох, хэтрүүлэн худлаа ярьж эхлэнэ. Эдгээр зан чанарууд манай генд байдаг юм уу, үндэстний соёл уу, эсвэл зүгээр л хэт хурдацтай хөгжсөний үр дагавар уу, би мэдэхгүй. (их танил сонсогдоно)
- Бид Америкийн импортоор хоосон хөөсөрсөн эдийн засагт 10 жилийн дотор хүчээр дасчихжээ.
- ... бид ч бас аливаа зааварчилгаа, үйлдвэрлэгчийн сануулгыг үл хайхран мотоцикл, автобус, машин тэрэг, цахилгаан шат, нисдэг тэргэнд бачимдаж үхчихмээр олуулаа шахцалдана.
-... үг үнэгүй бол мөнгө тийм биш. Манай нийгэм эрх чөлөөг бүхнээс  илүү дээдэлж үздэг гэдэг атлаа үнэгүй зүйлсийг үнэлж үзэхгүй гэхээр сонин юм аа?!!
-... харгислан зодсоноор та асуултдаа хэр таарсан муухан хариулт, худал үг, толгой эргүүлсэн хариулт эсвэл бүр дордвол өөрийнхөө сонсохыг хүссэн тэр зүйлээ л сонсоно.

1 comment:

Unknown said...

Би өөрийгөө ном уншдаг хүн гэж боддог уг нь. Гэхдээ чиний хажууд бол тэгж хэлэхээргүй санагдлаа. Гоё блог байна.