Friday, February 1, 2019

2018 оны номуудаас


Republic of Thieves and Red Seas Under Red Skies by Scott Lynch
бол машид тасархай, адал явдалтай Gentleman Bastard цуврал зохиолын хоёр, гуравдах номууд юм. Уншвал The Lies of Locke Lamora гээд миний хамгийн дуртай номуудын нэг, эхний номоос эхлэж уншаарай.  Өнчин өрөөсөн Локэ хүү гудамжинд халаасны хулгайчдын дунд өсөх бөгөөд тэндээ байхдаа болдоггүй, сэргэлэн зан нь хэтрээд, тэр нь буцаад өөрт нь болоод бүлэгт гай болоод (өөрөөр хэлбэл level нь ихдээд байсан) тул бүлгийн толгойлогч түүнийг бүр өндөр түвшний луйвар хийдэг хэдхэн хүүхэдтэй бүлэглэлд өгнө. Өдрийн цагаар гуйлга гуйж, бусад зав чөлөөтэй цагтаа олон хэл, аялга, дүрээ хувилгах, дээдсийн зан заншил, хоол хийх, зодоон гээд элдэв төрлийн хичээлд хамрагдаж томоохон ажилд бэлдэнэ... Тэгээд тэд нар маш нарийн зохион байгуулалттай, өндөр түвшний томоохон хэрэг тарина.



Norse Mythology by Neil Gaiman
 Нэйл Гайманы тухай юу ч хэлэх вэ дээ, тэр чинь Нэйл Гайман шүү дээ. Миний мэдэхээр үлгэрийн, адал явдалт, сонирхолтой зохиолын орчин цагийн гол төлөөлөгчдийн нэг байх. Шинэ үеийн Толкиен ч юм уу. Энэ зохиолд Норвегийн үлгэр домгийн баялаг сангаас сорчлон түүж, бас баяжуулан бичсэн олон үлгэрүүд гарна. Авенжерс, Марвелд Тор, Локи нарыг нөгөө л нэгэн хэвийн,  шударга ёсны төлөө тэмцэгч, хүчирхэг Тор, хорон санаат Локигоор дүрсэлдэг бол энэ номонд Торыг хүчтэй, жаахан мангуудуу, Локиг зальжин, овсгоотой, будлианыг эхлүүлэгч, бас дуусгагчаар дүрсэлсэн нь илүү үнэн бодитой, сонирхолтой санагдсан. Би ч угаасаа Локигийн фэн л дээ.


Educated by Tara Westover
Манай үед, 21-р зуунд, тэгээд бүр Америкт хүн ингэж амьдарч байсан гэхээр итгэмээргүй, хар дарсан зүүд шиг түүх байлаа. Эхлүүлээд тавьж чадалгүй 2 хоногт дуусгасан, тэр хоорондоо бас хар дараад зүүдлээд авсан. Ингэж уншигчийг татаж чадсаныг бодоход зохиолч, уг түүхийн эзэн бүсгүй үнэхээр хоосонгүй мундаг санагдсан. Товчхондоо Мормоны хатуу номлол доор сургуулийн бараа ч харалгүй өссөн охин их сургууль, цаашлаад бүр 30 ч хүрээгүй байхдаа  Харвардын доктор цол хамгаалсан тухай, тэр хоорондоо ямаршуу зовлон бэрхшээлийг туулсан тухай сэтгэл сэрдхийлгэм түүх.

Bringing up BEBE by Pamela Drackerman
Надад үлдсэн гол санаа гэвэл хүүхэд өсгөж хүмүүжүүлэх америкийн "helicopter style", хятадын "tiger mom" шиг хүүхдийг бүр нэг бүх талаас нь хамгаалаад, ямар нэг юмаар бэлдээд, хайрцаглаад, шахаад байлгүй, тодорхой хэмжээ хязгаарын дотор тааваар нь өсгөхийг чухалчилсан. Бүтээлч талыг нь хөгжүүлж байна, эсвэл хайрцагнаас гадуур сэтгэдэг болгож байна гээд хүүхдээ хэт дураар нь, бусдыг сонсдоггүй, хүндэлдэггүй болгож хүмүүжүүлэхийг эсэргүүцдэг.
Надад хувьдаа хүүхдийг амаа ангайх, үг хэлэх бүрт анализ хийгээд, авьяасыг нь хөгжүүлж байна гэж элдэв дугуйланд явуулж шахах дэмий санагддаг . Унахдаа унаад л, босохдоо босоод л, аяндаа биеэ даагаад, сураад л явбал зүгээр гэж боддог миний философитой таарсан болоод ч тэр үү, энэ ном надад их таалагдсан.
 Энэ номын монгол орчуулгыг уншсан, дажгүй гоё орчуулсан байналээ.

No comments: