Friday, February 28, 2014

Иван Денисовичын амьдралын нэг өдөр

Солженицыны Гулаг Ольтригийг уншиж дуусаад удаа ч үгүй байхад энэ номыг уншихыг нэг найз маань санал болгосон юм. Аа мэднэ, мэднэ саяхан ийм тийм ном уншсан гээд би тэр номыг нь авсан ч ширээн дээрээ сар гаруй хадгалсны эцэст нэгэн амралтын өдрийн өглөө эхлээд орой нь дуусгаж билээ.
Энэ тууж зохиолчдоо Нобелийн шагнал авчирсан бөгөөд Гулаг Ольтригийн нэгэн адил Оросын цөллөгийн бодит байдлыг ний нуугүй, энгийнээр өгүүлсэн ч ялгаатай тал нь зохиол Иван Денисович хэмээх эрийн нэгэн өдрийн амьдрал маягаар бичигджээ.

Сонирхолтой гэж хэлэх аргагүй ч, дуусгалгүй тавьж боломгүй, Иван Денисовичэд онцгой сайн тал үгүй, тэр өдрийн туршид ямар нэг баатарлаг зүйл хийгээгүй ч тэр нэг л тийм сэтгэлд дотно, жинхэнэ хүн шиг. Өөрөө гавихгүй ч бусдад туслахыг хичээж байгааг нь хараад өөрийн эрхгүй  гол баатрыг хайрлах сэтгэл төрсөн агаад хэдий уран зохиол ч Иван Денисовичийг цөллөгөөс амьд мултарсан байгаасай гэж бодогдсон.
Орчуулгын тухайд Гулаг Олтригийг бодвол хавьгүй дээр, сайхан орчуулжээ.
Энэ туужийг уншаад Оросын нэртэй яруу найрагч Анна Ахматова ЗХУ-ын 200 сая иргэн бүгд үүнийг уншвал зохилтой гэсэн гэнэ.

No comments: